Монголын Олон Улсын Арбитр

Процесс

10 дугаар сарын 14th, 2019

АРБИТРЫН ХЭЛЭЛЦЭЭР
Талууд гэрээтэй холбоотой маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон буюу тохиролцоог гэрээндээ тусгасан байна.

Жишээлбэл: Энэхүү гэрээтэй холбоотой аливаа маргааныг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитраар, түүний Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ
Нэхэмжлэлийг Арбитрт бичгээр гаргах бөгөөд дараах бүрдүүлбэрийг хангасан байна. Үүнд:

  1. Нэхэмжлэлийг Монголын Олон Улсын Арбитрт гаргах ба нэхэмжлэлд нэхэмжлэгч, хариуцагчийн нэр, хаяг, утасны дугаарыг заавал тусгах,
  2. Маргаан үүсэх үндэслэл болсон гэрээ болон холбогдох бусад нотлох баримт,
  3. Итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах бол итгэмжлэл,
  4. Арбитрын зардал төлсөн баримт,
  5. Нэхэмжлэл түүнд хавсаргасан баримт бичгийг Арбитрт гаргахдаа эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлнэ. Бүх баримтыг эх хувиас гадна 4 хувь хуулбарлаж өгнө.

АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮН
Талууд арбитрын хэрэг үүсгэсэн тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор МОУА-ын арбитрчдын нэрсийн жагсаалтаас арбитрчаа томилох эрхтэй. Тогтоосон хугацаанд томилоогүй тохиолдолд Арбитрын дарга түүнийг томилно.

АРБИТРЫН УРЬДЧИЛСАН ХУРАЛДААН
Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх журам тогтоох урьдчилсан хуралдаанаар дараах асуудлыг талуудтай тохиролцож тогтооно. Үүнд:

  1. Талуудын хооронд арбитрын хэлэлцээр хийгдсэн эсэх,
  2. Арбитрын харьяаллын маргаан мөн эсэх,
  3. Арбитрын ажиллагаа, хуралдаан явуулах газар,
  4. Маргаан шийдвэрлэхэд болон ажиллагаанд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ,
  5. Арбитрын ажиллагаа явуулах хэл,
  6. Арбитрын үндсэн болон нэмэлт зардал,
  7. Гэрч дуудах, шинжээч томилох, хэлмэрч, орчуулагч оролцуулах, нотлох баримт гаргуулах гэх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх,
  8. Арбитрын хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх,
  9. Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны тов зэрэг.

АРБИТРЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХУРАЛДААН
Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааныг талуудын тохиролцсон журам, Арбитрын тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд заасны дагуу явуулж арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ гаргана.

Жич: Арбитрын ажиллагааны дэлгэрэнгүйг “Хэрэг хянан шийдвэрлэх дүрэм”-ээс үзнэ үү.