“СИТИ” Их сургууль болон Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Монголын олон улсын арбитр” эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, Монголын олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг нар гарын үсэг зурж, баталгаажуулснаар хамтын ажиллагаа ийнхүү эхлэв.
Хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах, арбитрын эрх зүйн хичээлийн хөтөлбөрийг “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн бакалаврын хөтөлбөрт тусгах, багш нарыг мэргэшүүлэх, хөгжүүлэх, суралцагсдыг Монголын Олон Улсын Арбитрт дадлага хийлгэх ажлыг зохион байгуулах юм.
Түүнчлэн арбитрын холбогдолтой ном, сэтгүүл хэвлэн нийтлэх ажлыг хамтран зохион байгуулж, арбитрын ач холбогдол, үйл ажиллагааны онцлог, давуу талыг олон нийтэд таниулах, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
“СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангийн оюутнуудын хувьд олон улсын арбитрын үйл ажиллагаатай танилцах, дадлага хийх, цаашлаад ажлын байртай болох боломж нээгдэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.