10 дугаар сарын 07th, 2022
2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга Т.Дүүрэн, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г. Эрдэнэтуяа, Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг нар 3 талт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд:
- Уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр зохион байгуулагдаж буй томоохон арга хэмжээ, бодлогын өмгөөлөл, нөлөөллийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй чиглэл, бодлогын талаар олон нийтэд сурталчлан таниулах;
- Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт татахад тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлж, гарц шийдлийн талаарх нэгдмэл байр суурь, саналыг холбогдох түвшинд хүргэх,
- МУУҮА-ын гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам, зааварт нэмэлт өөрчлөлт оруулах, холбогдох саналыг тусгуулах,
- Талуудын түншлэлийг хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар харилцан бизнес, хууль, эрх зүйн талаарх мэдээлэл солилцох, үндэсний болон орон нутгийн хэмжээнд уулзалт, сургалт, зөвлөгөөнийг хамтран зохион байгуулах,
- МУУҮА-ын гишүүдэд шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх арбитрын ажиллагааны талаар сургалт, мэдээ, мэдээллээр хангах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар болов.