МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр болон Шихихутуг Их Сургууль хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахад Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Шихихутуг Их Сургуулийн Ректор Д.Оюунцэцэг оролцож тус тусын байгууллагын үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөөд буй ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.
Гэрээний хүрээнд талууд:
- Монголын Олон Улсын Арбитрын үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх зорилгын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, сургалт, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах;
- Шихихутуг Их Сургуулийн эрх зүйн бакалавр, бизнесийн эрх зүйн бакалаврын хөтөлбөрт суралцагсдыг танилцах болон мэргэжлийн практик дадлага хийлгэх ажлыг зохион байгуулах;
- Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх онцлогийг танин мэдүүлэх зорилгоор арбитрын үйл ажиллагааны талаар хамтарсан контент (facebook reel, podcast, youtube short video гэх мэт) хийж, түгээх;
- “Арбитрын долоо хоног” арга хэмжээ хамтран зохион байгуулах;
- Арбитрын хууль зүйн клиник сургалтын түшиц төв бий болгож, үйл ажиллагааг нь тогтмолжуулна;
- Шихихутуг Их Сургуулийн багш нарыг арбитрын чиглэлд сургаж, бэлтгэх, хөтөлбөрийн мэргэжлийн ном, гарын авлага бэлтгэх;
- Арбитрын эрх зүйн кредит цагтай хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, магадлан итгэмжлүүлэх хүрээнд энэхүү хөтөлбөрт заах багш нарыг мэргэшүүлэх, хөгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулахаар тус тус харилцан тохиролцлоо.