Мэдээ, мэдээлэл

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Удирдах Зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Монголын Олон Улсын Арбитрын Дүрэм”-ээр арбитрын дотоод чадавхийг бэхжүүлэх, хөгжүүлэх зорилтын хүрээнд тус арбитрын арбитрчдын нэрсийн жагсаалтад орох хүсэлтэй иргэдэд арбитрын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэргэжил, арга зүйн сургалтанд хамрагдаж, сонгон шалгаруулалт тэнцсэн шалгуур үзүүлэлтийг шинээр бий болгож, арбитрчдыг жил бүр давтан сургалтанд хамруулахаар болсон юм.

Үүнтэй холбогдуулан Монголын Олон Улсын Арбитрын даргын 2019 оны 11-р сарын 18–ны өдрийн 03 дугаар “Сургалтын Хороо байгуулах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар ажлын хэсгийн ахлагчаар ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, гишүүдэд хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, Б.Амарсанаа, Э.Байгал, Ж.Оюунтунгалаг, М.Уянга, магистр С.Оргодол, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн анхны хурлыг 2019 оны 11-р сарын 22-ны өдөр хийлээ.

Хурлаар МҮХАҮТанхимын дэргэдэх МОУА-ын Сургалтын хорооны дүрмийг боловсруулах, цаашид арбитрчдын давтан сургалт, Монголын Хуульчдын Холбоотой хамтран хуульч, өмгөөлөгчдөд зориулсан кредит сургалт, арбитрч болох хүсэлтэй иргэдэд болон бизнес эрхлэгчдэд зориулсан гэсэн чиглэлээр төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус сургалтын орчин бүрдүүлж, холбогдох хөтөлбөрийг боловсруулах ажил, үүргийн хуваариа гаргалаа.

МОУА-ын АЖЛЫН АЛБА