ТА БҮХЭНД АРБИТРЧ Б.АМАРСАНААГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Б.Амарсанаа нь 2010 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна. Арбитрч Б.Амарсанаа нь 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд Японы Нагояагийн их сургуулийг хууль зүйн ухааны магистр болон доктороор сурч төгссөн бөгөөд иргэний эрх зүй, компанийн эрх зүй, худалдааны эрх зүйгээр мэргэшсэн судлаач, арбитрч юм.
Арбитрч Б.Амарсанаагийн 20160408 МУИС ХЗС зохион байгуулж, УИХТГ, ХЗЯ, МХХ, ШУА-ын ФХ, ХЗҮХ дэмжин оролцож ХЗҮХ-д зохион байгуулагдсан “Хууль зүйн нэр томьёоны судалгаа, хэрэглээ” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын эмхтгэлд хэвлүүлсэн “Хувийн эрх зүйд аж ахуйн (худалдааны) эрх зүйн нэр томьёоны эзлэх байр суурь” нийтлэлийг хүргэж байна.
Хувийн эрх зүйд аж ахуйн (худалдааны) эрх зүйн нэр томьёоны эзлэх байр суурь
доктор, МУИС-ийн дэд профессор Б. Амарсанаа (LL.D)
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч
Эхлэл
Энэ илтгэлдээ барууны эх газрын эрх зүйн бүлийн төлөөлөл болох эрх зүйн тогтолцоонд байдаг, хувийн эрх зүйд хамаарах иргэний эрх зүй, аж ахуйн, арилжааны, худалдааны эрх зүй гэх мэтээр нэрлэдэг нэр томьёог зарим холбогдох нэр томьёотой харьцуулж тэдгээрийн хамаарлын талаар авч үзэх юм. Мөн Монгол Улсын болон гадаадын зарим хуультай эдгээрийг хамаатуулан судалсан болно.
1. Хувийн эрх зүй, түүний зарим “анхдагч” нэр томьёо болох иргэн, худалдаа, арилжаа, ашгийн төлөө үйл ажиллагаа гэсэн нэр томьёо, тэдгээрийн агуулга
Ром-германы эрх зүйн уламжлалын нөлөөнд хүчтэй орсон, эх газрын эрх зүйн бүлд өөрсдийгөө хамааруулдаг Монголын эрх зүйн тогтолцооны хувьд эрх зүй, хууль тогтоомжийн системчлэгдсэн байдлыг чухалчилдаг, эрх зүйг салбар эрх зүйд бүтцийн хувьд ангилж, эрх зүйг танин мэддэг билээ. Гэхдээ салбар эрх зүй байхад заавал бие даасан хууль, ялангуяа төрөлжсөн хуультай байхыг шаарддаггүйг тэмдэглэх нь зүйтэй. Эрх зүйг нийтийн эрх зүй ба хувийн эрх зүй хэмээн ангилдаг эртний Ромын ангиллаас үүдэн нийгмийн харилцаа олон талтай болохын хэрээр эрх зүйн тухай мэдлэг улам нарийсч ирсэн байдаг. Энэ хэрээр хууль зүйн болон шинжлэх ухааны нэр томьёо цэгцтэй байдаг билээ.
Өнөөгийн Монголын хууль зүйн шинжлэх ухаанд нийтийн эрх зүй гэдгийг “хувийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн салбар эрх зүйгээс ялгагдах нийтлэг ашиг сонирхлыг хангах харилцааг зохицуулдаг салбар эрх зүйн нийлбэр цогц. Ийм салбар эрх зүйд үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, санхүүгийн эрх зүй, эрүүгийн эрх зүй, процессын эрх зүй, олон улсын эрх зүй зэрэг багтана. Эрх зүйг нийтийн ба хувийн гэж ангилах нь ром-германы эрх зүйн бүлийн өвөрмөц онцлог шинж” гэж, хувийн эрх зүй гэдгийг “хувиараа өмчлөгчид ба компанийн идэвхи санаачлага ба хараат бус байдал, эдгээрийн харилцааны эрх тэгш нөхцөлд иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн нэгдлийн хувийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх явдал гол зүйл нь болсон нийгмийн бүлэг харилцааг зохицуулж буй салбар эрх зүй ба эрх зүйн институтийн нийлбэр цогц. Хувийн эрх зүйн харилцаа нь гэрээ буюу бусад шинж чанар бүхий үүрэгт үндэслэгдэнэ” хэмээн тодорхойлох хандлага байна.
Та бүхэнтэй санал солилцохыг бодсон зүйл бол "Хувийн эрх зүй = Иргэний эрх зүй" гэдэг энэ томьёолол зөв үү гэдгийг нэр томьёо судлалын үүднээс хариулт өгөхийг зорьсон явдал юм. Үүнд зөв хариулбал, хувийн эрх зүйн талаарх бидний төсөөлөл, мэдлэг маргаангүй болж, улмаар хууль зүйн шинжлэх ухаанд ач холбогдолтой билээ.
Ингээд хувийн эрх зүйн зарим “анхдагч” нэр томьёо хэмээн миний нэрлэж буй “иргэн” , “аж ахуйн үйл ажиллагаа”, “арилжаа”, “бизнес”, “худалдаа”, “ашгийн төлөө үйл ажиллагаа” зэрэг үгс болон тэдгээртэй холбоотой нэр томьёог хамтад нь авч үзье. Эдгээр нэр томьёог авч үзэхдээ практикт хуульчид болон судлаачид илүү хэрэглэдэг, хэд хэдэн удаа хэвлэгдсэн, эрх зүйн талаарх одоогийн ойлголтыг илүү бодитоор илэрхийлж чадахуйц, системчлэгдсэн толь бичиг болох С.Нарангэрэлийн “Монголын эрх зүйн англи, орос, латин хадмал эх толь бичиг”, (2015)-ийг гол суурь болголоо. Ингэхдээ хууль зүйн шинжлэх ухаанд хэрэглэдэг бусад толийг ч анхааран авч үзсэн хэдий ч энэ судалгаанд ач холбогдолтой тохиолдолд тухайлан ишлэх буюу дурдсан болно.
Дээр дурдсан “анхдагч” нэр томьёог хоорондын уялдаа, логикийг авч үзвэл энэ судалгааны зорилгын хүрээнд төдийлөн логик зөрчилдөөн, утгын нийцэл тод харагддаггүй. Харин эдгээр нэр томьёонд суурилсан, тэдгээртэй хамааралтай нэр томьёог авч үзэхэд ойлгомжгүй байна. Иймд “хувийн эрх зүй”, “иргэний хууль”, “иргэний эрх зүй”, “аж ахуйн эрх зүй”, “аж ахуйн үйл ажиллагааны эрх зүй”, “арилжааны эрх зүй”, “бизнесийн эрх зүй”, “худалдааны төрөлжсөн хууль”, “худалдааны эрх зүй” гэсэн нэр томьёог хэрхэн тайлбарласныг авч үзье.
Өмнө тодорхойлсон “хувийн эрх зүй” гэсэн нэр томьёог “иргэний эрх зүй” гэсэн нэр томьёотой агуулгын хувьд харьцуулан авч үзвэл энэ 2 тодорхойлолтын аль аль нь хувийн санаачлагад үндэслэх, тэгш байдал, бие даасан байхыг хүлээн зөвшөөрөх зэрэг агуулга туссанаараа нэлээд төстэй байна. Нөгөө талаар төдийлөн илт зөрчилдсөн утга санаа байхгүй байна. Харин “худалдааны эрх зүй” гэсэн нэр томьёотой дээрхийг харьцуулан үзвэл худалдааны эрх зүй нь иргэний эрх зүйн нэр томьёотой нягт холбоотой (нөхцөлдүүлсэн), худалдааны эргэлт, гүйлгээ, аж ахуйн үйл ажиллагаанд илүүтэй хамааралтай гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгч хоорондын иргэний эрх зүйн харилцаа (жишээлбэл, гэр бүл бологсод хооронд үүсдэг харилцаа)-нд бус ашиг байнга олоход чиглэсэн харилцаа (жишээлбэл, жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгчдийн хооронд үүсдэг худалдах, худалдан авах хэлцэлтэй холбоотой үүсдэг харилцаа)-нд худалдааны эрх зүй хамаардаг логик харагдаж байна. Энэ санаа “иргэний (төрөлжсөн) хууль” болон “худалдааны төрөлжсөн хууль” гэсэн нэр томьёоны тодорхойлолтоор ч баталгаажиж байна. Харин “хувийн эрх зүй”, “иргэний эрх зүй”, “худалдааны эрх зүй” гэсэн эдгээр 3 нэр томьёоны харилцан хамаарал нэр томьёоны төвшинд төдийлөн тодорхой, ойлгомжтой биш байгаа юм.
Тэгвэл толь бичигт дурдсан “аж ахуйн эрх зүй”, “аж ахуйн үйл ажиллагааны эрх зүй”, “арилжааны эрх зүй”, “бизнесийн эрх зүй” гэсэн нэр томьёо хоорондын хамаарлыг авч үзвэл системчлэгдсэн байх учиртай эрх зүйг дээр дурдсан нэр томьёогоор дамжуулан авч үзвэл өргөн ба явцуу утгаараа ялгаатай боловч тодорхой хэмжээгээр давхцсан утгатай байна. Судлаачийн үзэж байгаагаар толь бичигт туссан эдгээр санаа нь практик хуульчдын дунд ч, сурах бичгийн хүрээнд болон сургалтын хөтөлбөрийн хүрээнд ч нэг зүйлийг олон нэр томьёогоор илэрхийлсэнээр, эсхүл хоорондоо ялгаатай мэт болж, эрх зүйн системчлэлийг ойлгомжгүй болгож байгаа юм.
Эдгээр аж ахуй, арилжаа, худалдаа, бизнес, ашгийн төлөө гэх нэр томьёог авч үзвэл дараах 2 зүйлийг нэр томьёо судлал талаас цаашид анхааран судлах, зүгшрүүлэх, өөрчлөх шаардлага харагдаж байна. Нэгд, эдгээр нэр томьёо нэг нэгэнтэйгээ уялдаж байгаа байдал нь тодорхойгүй, дотоод логик зөрчилдөөнтэй байна. Хоёрт, дээр дурдсан нэр томьёоны зөрчилдөөнтэй байдлаас үүдэн хувийн эрх зүй хэмээх энэ ойлголт, түүний агуулга, хамрах хүрээ, зохицуулах зүйлийг өөр өөрөөр ойлгоход хүргэж болзошгүй тул та бүхэнд анхааруулах үүднээс уг сэдвийг хөндлөө.
2. Худалдааны эрх зүйн нэр томьёо, тэдгээрийг Монголын эрх зүйн тогтолцоонд хэрэглэж байгаа нь - Нэр томьёогоор дамжуулан шинжих нь
2.1. Эх газрын эрх зүйн бүлд хамаарах эрх зүйн тогтолцоотой улсуудын худалдааны эрх зүйн зарим нэр томьёо
1807 оны Францын Code de Commerce буюу Худалдааны төрөлжсөн хууль аж үйлдвэр, худалдаа эрчимтэй хөгжиж эхэлсэнтэй холбоотойгоор батлагдсан. Дараа дараагийн дор дурдсан улсуудын худалдааны төрөлжсөн хууль ч дээрх нөхцөл байдалтай цаг хугацааны хувьд уялдаатай батлагдсан харагддаг. Энэ төрөлжсөн хуульд үндэслэн Францын худалдааны эрх зүй хөгжсөн. Францын худалдааны эрх зүйн суурь болох нэр томьёог дурдвал худалдаачин буюу аж ахуй эрхлэгч, брокер, тээвэрлэгч, худалдааны зуучлагч, санхүүгийн түрээс, компани буюу нийгэмлэг зэрэг бизнесийн байгууллага, өрсөлдөөн, вексель, хадгалалт, дампуурал болон хуулийн этгээд татан буулгах зэрэг цөөнгүй нэр томьёо хамаарна.
1897 оны Германы Handelsgesetzbuch (HGB) буюу Худалдааны төрөлжсөн хуульд худалдаачин (Kaufleute), худалдааны бүртгэл (Handelsregister), худалдааны фирм (Handelsfirma), худалдааны төлөөлөгч (Handelsvertreter), худалдааны зуучлагч (Handelsmakler), худалдааны нөхөрлөл (Offene Handelsgesellschaft, Kommandtitgesellschaft, Stille Gesellschaft), худалдааны бүртгэл тооцоо, худалдааны хэлцэл (Handelsgeschäfte) буюу худалдааны гэрээ (Handelskauf), комисс (Kommissionsgeschäft), ачаа тээвэрлэлт (Frachtgeschäft), хүргэлт (Speditionsgeschäft), хадгалалт (Lagergeschäft), далайн худалдаа (Seehandel) зэрэг нэр томьёо хэрэглэдэг.
1899 онд батлагдсан Японы 商法 буюу Худалдааны төрөлжсөн хуульд худалдаачин, худалдааны бүртгэл, худалдааны бүртгэл тооцоо, худалдааны төлөөлөгч, худалдааны хэлцэл буюу худалдах, худалдан авах гэрээ, хамтран ажиллах гэрээ, комисс, тээвэр зууч, ачаа болон зорчигч тээвэрлэлт, хадгалалт, даатгал зэрэг үндсэн нэр томьёо байна.
2.2. Худалдааны эрх зүйн нэр томьёо, тэдгээрийг Монголын эрх зүйн тогтолцоонд хэрэглэж байгаа нь
Энэ дэд сэдвийн хүрээнд Монголын эрх зүйн тогтолцоонд худалдааны эрх зүйн нэр томьёо гэж зориглон бичих болсон нь Монгол Улсын Иргэний хууль (2002) дахь зарим заалтуудтай холбоотой юм. Жишээлбэл:
196 дугаар зүйл. Гэрээг байгуулсанд тооцох
196.2. Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч(жич: зохиогч тодотгов) нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Энэ заалтыг авч үзвэл дараах оюун дүгнэлтийг хийж болно. Нэгд, аж ахуй эрхлэгч этгээд болон аж ахуй эрхэлдэггүй этгээдийг ялгаж хуульчилсан байна. Хоёрт, эдгээр этгээдийн хувьд үйлчлэх эрх зүйн журам хоорондоо өөр байхаар хуульчилсан байна. Үүнтэй төсөөтэй заалтууд гэвэл Иргэний хуулийн 202.2, 255.1.2 заалт зэргийг нэрлэж болно. Энэ сэжүүрийг иш үндэс болгон Монгол Улсын Иргэний хуулийн нэр томьёог Герман, Франц, Японы худалдааны эрх зүйн үндсэн нэр томьёотой харьцуулан судлаж үзье.
Худалдаачин буюу үндсэн зорилго нь ашгийн төлөө, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийг хэрэглэгч буюу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаггүй этгээдээс ялгасан эсэхийг авч үзвэл Иргэний хуульд “196.2. Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч”, “200.4.Санал хүлээн авагч тал нь аж ахуй эрхлэгч этгээд”, “202.2.Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал”, “255.1.2.аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч”, “413.1.Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд” зэрэг нэр томьёо хуульд орсон байдаг.
Мөн худалдааны төлөөлөгч, комисс гэсэн нэр томьёо Иргэний хуулийн 415 зүйлд, худалдааны зуучлагч 413 зүйл, ачаа тээвэрлэлт мөн хуулийн 386 зүйлд, зорчигч тээвэрлэлт мөн хуулийн 382 зүйл, хадгалалт 422 зүйл, вексель, зээл тооцоо мөн хуулийн 445 зүйл, банкны зээл 451 зүйлд зэрэг маш олон нэр томьёо туссан байдаг. Үүнээс гадна тусгайлсан зохицуулалттай худалдааны хууль тогтоомжийн хэсэг гэж дээрх улсуудад тооцогдохуйц Нөхөрлөлийн тухай хууль (1996), Компанийн тухай (шинэчилсэн найруулга) хууль (2011)-д нөхөрлөл, компани, төлөөлөн удирдах зөвлөл, үнэт цаас, Нягтлан бодох бүртгэл тухай (шинэчилсэн найруулга) хууль (2015)-д аж ахуй эрхлэгчдийн тайлагналын харилцааг зохицуулсан бүртгэл тооцоо гэх мэт нэр томьёо, Банкны тухай хууль (2010)-д нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль (2013)-д опцион гэрээ болон фьючерсийн гэрээ, Дампуурлын тухай хууль (1997)-д дампуурал, төлбөрийн чадваргүй болох гэсэн нэр томьёо зэрэг худалдааны эрх зүйн нэр томьёо олноороо тусгагдсан байна.
Ийнхүү хэрэглэгч болох иргэн болон аж ахуй эрхлэгчийг ялгасан утга санаатай, үр дагаврын хувьд ялгаатай байгаа зохицуулалт нь Герман, Франц, Япон зэрэг эх газрын эрх зүйн бүлийн төлөөлөл болж Иргэний төрөлжсөн хуулиас гадна Худалдааны төрөлжсөн хуультай байдаг эрх зүйн тогтолцоотой төстэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Нөгөө талаас энэ нь төрөлжсөн хуульгүй буюу хоёрдмол тогтолцоотой бус, нэгдмэл хуультай улсын хувьд ч худалдааны эрх зүйн элемент, нэр томьёо байх бололцоотойг харуулж байна.
Дүгнэлт
Системчлэлд орсон байх ёстой хууль зүйн нэр томьёог авч үзэхэд хувийн эрх зүй дэх нэр томьёо дурдагдсан хүрээнд хоорондоо давхцалтай, нэг зүйлийг 2 өөр нэр томьёогоор, 2 өөр зүйлийг нэг нэр томьёогоор илэрхийлсэн байгаа байдал ажиглагдаж байна.
Дээр дурдсан зүйлсийг нэр томьёо судлалын талаас нэгтгэн үзвэл, ямар “линз”-ээр харж байгаагаас хамаарч өөр өөр үр дүнд хүрч болохоор мэт байна. Хэрэв “уламжлалт линз” хэмээн миний нэрлэж байгаа шалгуураар харвал “Хувийн эрх зүй = Иргэний эрх зүй” болж байгаа юм. Гэхдээ энэ нь ямарваа зүйл улам нарийсч, боловсронгуй болж ирсэн (Эрх зүй нь нийтийн ба хувийн эрх зүйгээс бүрдэж байснаа олон салбар эрх зүйгээс бүрдэх тухай өнөөгийн бидний мэдлэгийн нарийвчлалд хүрсэн хандлага) хандлагатай, одоогийн Монгол Улсын хууль тогтоомжийн системчлэлтэй нийцэхгүй зөрчилдөж байх магадлалтай.
Харин Эх газрын эрх зүйн бүлийг төлөөлдөг голлох эрх зүйн тогтолцоо (Герман, Франц г.м.)-ны шалгуураар харвал “Хувийн эрх зүй= Иргэний эрх зүй+α(Худалдааны эрх зүй+…) болж байна. Тодруулбал, судлаачийн хувьд санал болгож байгаа эрх зүйн ангилал нь “Хувийн эрх зүй= Иргэний эрх зүй(Өмчийн эрх зүй+Барьцааны эрх зүй+Гэрээний эрх зүй+Гэм хор+Өв залгамжлал+…)+Гэр бүлийн эрх зүй+Хөдөлмөрийн эрх зүй+Худалдааны эрх зүй (Бизнесийн байгууллагын эрх зүй+Бизнесийн хэлцэл+Үнэт цаас+Худалдааны бүртгэл+Даатгал+Өрсөлдөөн …)+ИХШХШЭЗ+ОУХЭЗ+...” ба харин энэ нь зөвхөн нэр томьёог судлах хүрээнд хийгдсэн дүгнэлт учир дутагдалтай, эдгээрийг цаашид салбар эрх зүйн шалгуураар шүүн үзэж нотлох, үгүйсгэх нь зүйтэй юм.
Өгүүллийн хоёр дахь хэсэгт дурдсанаар Монголын эрх зүй, түүн дотроо Иргэний хуульд худалдааны буюу аж ахуйн эрх зүйн нэр томьёо хуульчлагдаагүй, бизнес эрхлэгч ашгийн төлөө тогтвортой үйл ажиллагаа эрхлэх (B2B (Business to Business), B2C (Business to Consumer))-ийг бизнес эрхлэгч бус иргэдийн хооронд бий болсон (иргэний) эрх зүйн харилцаанаас ялгадаггүй, ингэхийг оролдож байгаагүй гэсэн ойлголт хувийн эрх зүйн чиглэлийн эрдэмтэд болон нийт эрх зүй судлаачдын дунд зонхилж байгаа нь алдаатай хэмээн үзэж байна. Хууль тогтоомжийн нэр томьёог судлан үзвэл Герман, Францын худалдааны эрх зүй дэх нэр томьёо тодорхой хэмжээгээр манай эрх зүйн тогтолцоонд орж ирсэн, үүнээс хамааралтай эрх зүйн зохицуулалтын ялгаатай байдал зарим талаар туссан байна.
Товчоор дүгнэн хэлбэл, хувийн эрх зүйн нэг гол салбар болсон худалдааны эрх зүйн нэр томьёо, суурь ойлголт нь Монголын хууль зүйн шинжлэх ухаан болон парламентаас батлагдсан дээд хүчинтэй баримт бичиг болох хуульд хэдийнээ суурьшсан бөгөөд энэ үнэнийг бид гагцхүү хүлээн зөвшөөрөх л үлдээд байна. Харин энэ нь заавал кодификацчилалд хүргэх албагүй гэдгийг дурдах нь зүйтэй бөгөөд худалдааны эрх зүй, аж ахуйн эрх зүй гэх мэт энэ салбар эрх зүйн нэршил аль нь зөв болохыг энд хөндөөгүй болно.