Арбитрчдын танилцуулга

Арбитрч Д.Алтанцэцэг

12 дугаар сар 16th, 2019

Арбитрч Д.Алтанцэцэгийг танилцуулж байна

Арбитрч Д.Алтанцэцэг нь анх МҮХАҮТ-ын дэргэдэх Арбитрын комисст орон тооны ганц ажилтан болж орж ирснээс хойш тасралтгүй 2008 оныг хүртэл Арбитрт ажилласан. Ажиллах хугацааны 15 жилд нь буюу 1994-2008 он хүртэл Арбитрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд үүнээс хойш өнөөг хүртэл арбитрчаар ажиллаж байна. Арбитрч Д.Алтанцэцэг нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, ОХУ-ын Эрхүү хотын их сургууль, Улс төрийн дээд сургууль төгссөн бөгөөд арилжааны арбитраар мэргэшсэн арбитрч юм.

Та бүхэнд арбитрч Д.Алтанцэцэгтэй ярилцсан түүний Арбитрт ажиллаж байх үеийн арбитрын ажиллагааны онцлогийн талаар хуваалцсан ярилцлагыг хүргэж байна.

Таныг ажиллаж байх хугацаанд арбитрын ажиллагаа хэрхэн явагддаг байсан бэ?
Арбитрын үйл ажиллагаа одооны арбитрын ажиллагаатай адилхан зарчмаар явагддаг байсан. Улсын арбитрын газрын хувьд аж ахуйн гэрээ байгуулсан, хэрвээ энэ гэрээ биелэгдэхгүй бол шууд арбитраас удирдлагад хариуцлага ногдуулах эсвэл байгууллагыг торгох гэх мэт арга хэмжээ авдаг төрийн байгууллага байсан. Танхимын дэргэдэх арбитр нь төрийн бус байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед манай улс зөвхөн социалист дэглэмтэй гэх орнуудтай харилцдаг байсан бөгөөд тэдгээрийн хооронд үүссэн маргааныг шийддэг байсан. Харин 1990-ээд онд манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж бүх байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс гадаад худалдаанд бие даан чөлөөтэй оролцох болсноор энэ байгууллагын маань үйл ажиллагаа зарчмын хувьд өөр шатанд шилжсэн. Социалист дэглэмтэй улс орнуудын төлөвлөгөөт эдийн засагт үүссэн маргааныг шийддэг байсан байгууллага маань дэлхийн маш олон улс орон, байгууллага, хувь хүмүүстэй харилцдаг байгууллага болсон. Үүнээс үүдэн тус байгууллагын оршин тогтнох эрх зүйн үндэслэл шинэчлэгдэх буюу дэлхийн нийтийн жишигт ойртох шаардлагатай болсон. Эдгээр шаардлагуудад үндэслэн 1995 онд Гадаад худалдааны арбитрын тухай хуулийг УИХ-аас анх удаа баталсан юм. Арбитр нэгэнт гадаадын байгууллага, хувь хүмүүс оролцсон маргааныг шийдвэрлэдэг байгууллага болохын хувьд түүнээс гаргасан шийдвэр нь зөвхөн Монгол Улсад төдийгүй гадаад улсад биелэгдэх шинж чанартай буюу хүчин төгөлдөр биелэгдэх шаардлага бий болсон. Үүнийг манай УИХ анхаарч үзэж “Гадаад улсын арбитрын шийдвэрийг биелүүлэх тухай” НҮБ-ын 1958 оны конвенцид нэгдэж орох тухай хуулийг баталсан. Улмаар МҮХАҮТ-ын дэргэд арбитр байгуулагдах эрх зүйн үндэс бүрэлдсэн. Үндсэндээ манай арбитр олон улсын арбитр гэж нэрлэгдэх хэмжээнд хүрч очсон.

Анхны арбитрын хууль батлагдах нөхцөл байдлын талаар та ярьлаа. Тэгэхээр уг хууль батлагдсанаар ямар өөрчлөлт гарч байв?
Арбитр нь МҮХАҮТ-ын зөвлөлөөс баталсан дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ч мөн энэ дүрмийн дагуу явагддаг байсан. Хууль батлагдсанаар арбитрын шийдвэр зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн бусад улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөх болсон.

Анхны хууль 1995 онд батлагдсанаас хойш 2003 онд хууль шинээр батлагдсан байна. Энэ 2 хуулийн онцлог, ялгарах онцлог нь юу байсан бэ?
Арбитрын шийдвэрийг шүүхээс хүлээн зөвшөөрч баталгаажуулж заавал биелэгдэх шинж чанартай болох энэ журамд тухайн үед 3 шатны шүүхийн аль нь хүлээн авч гүйцэтгэх хуудас бичих талаар өөрчилсөн байдаг. Тодруулбал, анхны хуульд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх арбитрын шийдвэрийг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас бичихээр заасан байсан бол дараагийн хуулиар энэ нь анхан шатны шүүх гэж өөрчилж, шүүхийн шатлалд нийцүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын анхан шатны шүүхэд хандан гүйцэтгэх хуудас бичүүлнэ гэсэн байдаг. Ийм л зарчмын өөрчлөлт орсон байдаг. 1995 оны Арбитрын тухай хуульд зөвхөн гадаад оролцогчтой маргааныг шийдвэрлэх тухай зохицуулсан байсан юм. Дараа, дараагийн өөрчлөлтөөр зөвхөн гадаад гэлтгүй манай улсын байгууллага, иргэд хоорондын маргааныг шийдвэрлэх нөхцөл бүрдсэн.

Таныг ажиллаж байх үед арбитрын үйл ажиллагааны талаар улс төрийн байгууллага, албан тушаалтны хандлага хэр байсан бэ?
Намайг ажиллаж байх үед ямар нэг улс төрийн байгууллага, албан тушаалтан арбитрын үйл ажиллагаанд нөлөөлөх асуудал ер байгаагүй. Бүх ажиллагаа хуулийн дагуу явагддаг байсан. Үнэхээр арбитр гэх байгууллага өөрийгөө сурталчлах тал дээр дутагдал байсантай холбоотойгоор хүмүүст төдийлөн танигдаагүй, хүмүүс ойлгохгүй байх тохиолдлууд харин гарч байсан. Тиймээс бид энэ талаар анхаарч нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэх мэт арга хэмжээ зохион байгуулж байсан.

Тухайн үед арбитрын үйл ажиллагаанд ямар бэрхшээл тохиолддог байв?
Анх эхэлж байгаа ажил дардан замаар явах нь ховор. Хэлний бэрхшээл гэх мэт асуудлууд гарч байсан боловч төрийн болон иргэд, байгууллагуудын дэмжлэгтэйгээр асуудлыг тухай бүрт нь даван туулж чадаж байсан гэж хэлмээр байна.

Таныг ажиллаж байх хугацаанд тохиолдсон арбитрын онцлох үйл явдлуудаас дурдаач гэвэл та юуг дурьдах вэ?
Дээр хэлсэнчлэн “Арбитрын тухай хууль”-ийг анхлан баталсан явдал, “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай олон улсын конвенци”-д нэгдсэн үйл явдал, Арбитрын бүрэлдэхүүнийг шинэчилж, дотоодын болон олон улсын мэргэжилтнүүдийг элсүүлсэн гэх мэт үйл ажиллагааг нэрлэмээр байна. Мөн манайд хандах иргэд, байгууллагуудын тоо нэмэгдсэн нь сайхан үйл явдал байв. Түүнчлэн Олон Улсын Худалдааны Танхимын арбитр гэж дэлхийд хамгийн алдартай арбитр байдаг ба бид уг байгууллагатай байнгын холбоотой ажиллаж байсан. Үүнээс гадна олон улсын бусад байгууллага болон өөрийн улсын арбитртай бүтцийн хувьд ижил гадаад улсуудын арбитруудтай хамтран ажиллаж эхэлсэн. Улмаар манай улсад шинэ тутам бий болж байсан арбитрын хувьд олон улсын хурлыг 2008 онд зохион байгуулсан нь нэр төрийн хэрэг байсан. Манай арбитрын зохион байгуулсан уг Олон Улсын хурал нь анх жил бүр зохион байгуулагддаг, ОХУ болон БНХАУ гэсэн 2 хөрш улстай 3 талт хурлаас үүдэлтэй. Энэхүү уулзалтыг зохион байгуулах санаачлагыг манай арбитр гаргаж ажиллаж байв.

Арбитрын шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой ямар асуудлууд тулгарч байсан бэ? Арбитр өөрөө шийдвэрийн биелэлтийг хангах үйл ажиллагаа явуулах ёстой гэх мэт хандлагууд байв уу?
Арбитраар маргаанаа шийдвэрлүүлсэн оролцогчдын зүгээс шийдвэрийг биелүүлж өгөөч гэсэн шаардлага тавьдаг байсан. Гэхдээ хуулийн дагуу шүүхээс гүйцэтгэх хуудас бичиж байж шийдвэр гүйцэтгэлд хандах учраас бид тэр бүрт талуудад туслалцаа үзүүлж ажилладаг байсан.

Бидний мэдэхгүй олон зүйл байгаа гэж бодож байна. Гадаад, дотоодын арбитрын ажиллагааны талаар хуваалцаач?
Ер нь арбитр гэдэг нь гэрээний талуудын сонголтын асуудал юм. Хэрвээ талууд маргавал шүүхээр эсвэл хараат бус мэргэшсэн арбитраар шийдүүлнэ гэсэн тохиролцоо байдаг. Үүний дагуу маргааны харьяалал бий болдог. Тухайлбал, “Буян” ХХК тухайн үед Японы компанитай гэрээ байгуулахдаа уг гэрээтэй холбоотой маргааныг Лондон хот дахь арбитраар шийдвэрлүүлнэ гэж заасан учраас тэнд хандсан. Бид зөвхөн Монгол улсын арбитраар шийдвэрлүүлнэ гэх заалттай маргааныг хүлээн авч шийдвэрлэдэг.

Улсын арбитрын байгууллагын үйл ажиллагааны талаар дурьдвал?
Намайг 1973 онд 10 дугаар ангиа төгсөөд ОХУ руу сурахаар явах үед Тагнуулын Ерөнхий газрын байрны урд талд байдаг 2 давхар байрны баруун үзүүрийн 2 давхарт байрладаг байсан. Түүнээс хойш шүүхтэй нийлж ажилладаг байсан. Анх улсын арбитрын газар гэж байгаад дараа нь Хууль зүйн яамтай нийлж, “Хууль зүй, арбитрын яам” гэж ажиллаж байсан үе бий. Түүний дараа шүүх байгууллагатай нийлсэн.

Та ирээдүйд Монголынхоо арбитрыг ямар байгаасай гэж бодож байна вэ? Юуг анхаарвал зохистой вэ?
Хууль эрх зүйн хувьд гадны улс орнуудтай нэг хэмжээнд очсон гэж бодож байна. Боловсон хүчний хувьд ч мөн хангалттай түвшинд очсон гэж би боддог. Шилдэг бүрэлдэхүүн хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа. Тэгэхээр бусад орнуудын байгууллага, хувь хүнд хүрч өөрийн үйл ажиллагааг сурталчлах нь чухал байх. Ингэснээр шийдвэрлэж буй маргааны тоо, үүнийг дагаад үнийн дүн нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхаарвал зүйтэй байх.

Ярилцсан танд баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.