Арбитрчдын танилцуулга

Арбитрч Д.Батсүх

3 дугаар сар 04th, 2020

Та бүхэнд арбитрч Д.Батсүхийг танилцуулж байна.

Д.Батсүх нь 1996 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрээр төгссөн цагаасаа эхлэн “T&A”, “Advocate”, “Шударга-Өмгөөлөгч” зэрэг хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагуудад өмгөөлөгч, захирал, ерөнхий захирлаар ажиллаж байсан.

2012-оос 2013 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, 2013-аас 2015 он хүртэл Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр, 2015 оноос одоог хүртэл өмгөөллийн “Адвокатконсалтинг” ХХН-д зөвлөх, өмгөөлөгчөөр ажилладаг бөгөөд 2016 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна.

Арбитрч Д.Батсүх нь иргэний эрх зүй дотроос банк, санхүүгийн эрх зүй; захиргааны эрх зүйд ашигт малтмалын; эрүүгийн эрх зүйд хүний эрх, тэр дундаа иргэн, байгууллагын нэр төр, алдар хүндийг хамгаалах зэрэг салбар эрх зүйгээр мэргэшсэн 24 жилийн туршлагатай хуульч, өмгөөлөгч юм.

Энэ удаа та бүхэнд түүний Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон ерөнхийлөгчийн засаглалын тухай ярилцлагыг хүргэж байна.

Д.Батсүх: Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнөөгийн парламент идэвхтэй ярьж бүх нийтийн санал асуулгыг авах, олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар болсон. Харин УИХ дахь сөрөг хүчин буюу АН-ын зүгээс эрх баригчдыг олонхоороо хүч түрэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг буруутган, эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Гэсэн ч энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, засаглалын эрх мэдлийн тогтолцоог шинэчлэх эсэх нь цаг хугацааны л асуудал болоод байна. Тэр ч утгаараа сүүлийн үед өрнөөд байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар “Монголын хуульчдын холбоо”-ны анхны Ерөнхийлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан, хуульч, өмгөөлөгч Д.Батсүхтэй ярилцлаа.

- Сүүлийн хоёр жил орчмын хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хууль тогтоох дээд байгууллага дээр идэвхтэй ярилаа. Өнөөгийн парламент ч энэ өөрчлөлтийг хийхээр ажилдаа орчихсон байна. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг үе, нийгмийн хэрэгцээ шаардлага бий болсон эсэх дээр таны бодол ямар байна вэ?
Шинэ үндсэн хууль маань батлагдаад 25 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ 25 жилийн хугацаа бага юм шиг боловч хүний амьдралын насаар тооцоод үзвэл чамгүй их хугацаа. Энэ хооронд Үндсэн хуулийн зохицуулалтын үр нөлөө нийгмийн харилцаандаа хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, хуулийн зохицуулалтын үзэл санаа, түүний ач холбогдлыг нь үнэлэх хангалттай хугацаа гэж бодож байна. Ер нь 1992 онд батлагдсан Үндсэн хууль нь өөрөө их сайн болсон гэж би боддог. Энэ хуулийг баталж байх үеийн улс төрийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй, хууль тогтоож байсан улс төрчдийн мэдлэг боловсрол, нийгмийн харилцаанд тохирсон Үндсэн хууль болж чадсан. Харин одоо бол нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий болоод байгаа гэдэгтэй санал нэгтэй байна. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөлтийг хийхдээ маш болгоомжтой няхуур хандаж, ард түмний хүсэл зорилго, санаа бодлыг сайтар тусгаж байж л өөрчлөх нь зүйтэй болов уу.

Энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байгаа зарим улс төрчдийг анзаарахад төрийн тогтолцоо буюу төрийн байгуулалтай асуудлыг илүүтэй хөндөж, төрийн эрх мэдлийн хуваарилалтын талаар түлхүү ярьж байна. Тухайлбал парламентыг хоёр танхимтай болгох тухай асуудал их яригдаж байна. Энэ тохиолдолд нэг танхим нь байнгын бус үйл ажиллагаатай, нөгөөх нь байнгын ажиллагаатай байх жишээтэй. Энэ нь бол өмнө нь манайд байсан тогтолцоо. Ардын их хурал гэдэг байнгын бус ажиллагаатай нэг бүтэц. Улсын бага хурал буюу байнгын ажиллагаатай тогтолцоо өмнө нь манайд байсан. Энэ тогтолцоо уруугаа эргэж орох шаардлагатай байна гэдгийг манай ахмад улс төрчид их ярьдаг. Энэ нь парламентыг хяналттай, хариуцлагатай байлгах боломжийг бүрдүүлж өгөх сайн талтай байж болох юм. Тэр ч утгаараа хоёр танхимтай парламенттай болох тогтолцоог би хувьдаа дэмждэг. Зарим нэг хүмүүсийн ярьж байгаагаар гүйцэтгэх эрх мэдэл буюу ЗГ-ын эрх мэдлийг Ерөнхийлөгчид төвлөрүүлсэн, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлсэн Ерөнхийлөгчийн засаглалтай байх тогтолцоонд шилжих ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлдэг. Гэхдээ Монгол улсад нэг хүний эрх мэдлийг хэт нэмэгдүүлж төвлөрүүлсэн буюу Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох нь зохимжгүй.

- Эрсдэлтэй гэж үү?
Тийм. Эрсдэлтэй гэж үздэг. Яагаад гэвэл манайх шиг хоёр том гүрний дунд оршдог жижиг улсын хувьд эрх мэдэл нэг хүн дээр хэт төвлөрөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндэсний аюулгүй байдалд халтай. Энэ талаараа их эрсдэлтэй гэж боддог. Ер нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гээд яриад байгаагийн цаад хүчин зүйлсийг би 1999, 2000 онд хийгдсэн Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт гэж яригддаг өөрчлөлтийг засаж, залруулахад чиглэсэн юм уу гэж хардаг. Энэ өөрчлөлт бол манай шинэ Үндсэн хуулийн үзэл санааг гажуудуулсан тийм л өөрчлөлт болсон. Тухайн үедээ энэ өөрчлөлтүүд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгааг Үндсэн хуулийн цэцээс тогтоочихсон юм шүү дээ. Аливаа улс орны төрийн байгууллыг тогтооход Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөв хийх нь чухал асуудал байдаг. Эрх мэдлийн хуваарилалтын талаарх маш олон үзэл санаа, онолууд байдаг. Тухайлбал төрийн эрх мэдлийг “хууль тогтоох”, “гүйцэтгэх”, “шүүх” гурван үндсэн хэсэгт хуваарилж, тэдгээр эрх мэдлүүдийг хэрэгжүүлэгч субъектүүд бие биенээсээ бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулж, харилцан хяналт тавьж байх тогтолцоог дэлхийн олон орнуудад түгээмэл хэрэглэдэг. Ялангуяа манай улсад энэ тогтолцоо илүү тохиромжтой. Энэ л тогтолцооны зарчим 1992 оны шинэ үндсэн хуульд тусгагдаж орсныг өнөөх дордуулсан долоон өөрчлөлтөөрөө бусниулаад хаячихсан. Уг нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа парламент гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавьдаг, Засгийн газар нь хууль тогтоох дээд байгууллагаас баталсан хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Гэтэл дээрх өөрчлөлтөөр энэ хоёр субъектийг хооронд нь хольчихсоноос үүдээд Засаглалын хямрал манайд бий болоод байгаа.

Таны хэлж байгаа шиг УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүнээр давхар ажилладаг “давхар дээл”-ний асуудлыг олон жил ярьж байна. Гэхдээ аль ч парламент, ЗГ-ын үед үүнийг ажил хэрэг болгоогүй. Тэгэхээр Үндсэн хуулиараа үүнийг зохицуулах хэрэгцээ шаардлага бий болж байна гэсэн үг үү?
Тэгэлгүй яахав. Тухайлбал өнөөгийн нөхцөлийг харахад Засгийн газрын тэргүүн болоод гишүүдийнх нь олонх нь парламентын гишүүн болчихоод байгаа. Үүнээс улбаалаад Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцох парламентын эрх мэдэл хязгаарлагдаад эхэлдэг. Улмаар хууль тогтоомжоос давсан, хууль тогтоомжийг илтэд зөрсөн үйл ажиллагааг Засгийн газар хийгээд эхэлнэ гэсэн үг. Энэ гажуудлыг Үндсэн хуулийг өөрчлөх замаар хийсэн. Иймээс түүнийг засахын тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх шаардлагатай. Бас нэг шийдэх ёстой том асуудал нь шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг сайтар хангах явдал. Гэтэл өнөөдөр тэгж чадахгүй байна шүү дээ. Үүнийг Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөрөө эргэж харах, шаардлагатай байгаа юм. Дээр дурдсан зүйлсээс харахад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага маш тодорхой харагдаж байна. Ер нь бол Үндсэн хуулийг огт хөндөж болохгүй зүйл биш. Гэхдээ үүнийг хийхдээ маш болгоомжтой хандаж иргэд олон нийт, хуульч судлаачдынхаа санал зөвлөмж дээр үндэслэж яг ямар өөрчлөлтийг хийх вэ гэдгээ шийдэх ёстой.

Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харахад Үндсэн хуулийн өөрчлөлт нэг намын хэт давамгай оролцоотойгоор парламентаар хэлэлцэгдэх нөхцөл байдалтай байна. Өнөөгийн УИХ-ын бүрэн эрх дуусгавар болоход дахиад гурван жилийн хугацаа үлдсэн. Тэр ч утгаараа өнөөгийн парламентын бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдэх байх. Гэхдээ анхаарах ёстой хэдэн зүйлс байгаа.

Тухайлбал, өнөөгийн парламентын олонхийг бүрдүүлж байгаа МАН энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ жижиг гэлтгүй бүх улс төрийн намуудтайгаа маш сайн ойлголцож зөвшилцөх хэрэгтэй. Мөн ард иргэдийнхээ санал, шүүмжлэлийг ч маш сайн сонсож, хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх хэрэгтэй. Ёстой л нөгөө долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг маш хянуур болгоомжтой хандаж байж энэ өөрчлөлтийг хийх нь зөв. Үүний тулд хийх ёстой бас нэг зүйл нь саналаа илэрхийлж хэлэлцүүлэгт оролцох ард түмэндээ Үндсэн хуулийн талаарх мэдлэг, ойлголтыг сайтар өгөх хэрэгцээ шаардлага бий болоод байгааг анхаарах хэрэгтэй байна. Үүний дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар байдлаар хийх гэж байгаагаа ард түмэндээ зөвөөр ойлгуулж, таниулах хэрэгтэй. Ямар өөрчлөлт хийгдэх гэж байгааг мэдэхгүй, үүний цаана нийгэмд үзүүлэх үр дагавар нь юу байх юм бэ гэдгийг ойлгохгүй хүмүүс зөв санал өгч чадахгүй шүү дээ.

Сая болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэдийн багагүй хувь нь засаглалынхаа тогтолцоог огт ойлгоогүй байна гэдэг яриа шүүмжлэл нэлээд гарсан. Гэтэл таны хэлж байгаа шиг Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бүрэн дүүрэн ойлголтгүй иргэд санал өгөх нь төдийлөн үр дүнтэй биш гэж харж байна уу?
Манайхан маш сайн анзаарч байгаа байх. Сонгууль болгон дээр л саналаа өгч байгаа сонгогчдын сонголт маш их савлагаатай, тааварлахад бэрх болж ирж байна. Жилийн өмнө болсон УИХ-ын сонгуульд сонгогчдын ихэнх нь нэг намд шахуу саналаа өгч өнөөгийн парламентад нэг нам дийлэнх олонхи болсон. Гэтэл ганцхан жилийн дараа болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчид нөгөө намуудаа дэмжээд эхэлсэн нь харагдлаа. Энэ нь нэг талаараа сонгогчдын буюу иргэдийн эрх зүйн боловсролд төрөөс муу анхаардагтай холбоотой. Маш их савлагаатай сонголтууд хийгдээд эхэллээ шүү дээ. Гэтэл энэ сонголт нь өөрөө улс орныхоо засаглалын тогтвортой байдал, эдийн засгийн орчин нөхцөлд маш хүчтэй нөлөөлж байна. Ажиглаад байхад саяхан буюу сонгуулиас өмнө манай улсын эдийн засгийн орчинд нэлээд таатай үзүүлэлтүүд бий болж эхэлж байсан. Хамгийн наад зах нь л гэхэд гадаад валютын ханш нэлээд буурч эхэлж байсан. Гэтэл сонгуулийн эхний шатны үр дүнг хараад гадна талдаа эдийн засгийн асар их сөрөг өөрчлөлтүүд бий болсон. Энэ нь ард түмэнд тэр болгон мэдрэгдээд байдаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтууд эргээд буурах, гадаадын хөрөнгийн бирж дээр Монголын хөрөнгө оруулалттай компаниудын хувьцааны ханш буурах гэх мэт үйл явдал өрнөж байна. Энэ нь юуг харуулаад байна вэ гэхээр төрийн эрх мэдэлд ямар хүн гарч байна вэ гэдгээсээ хамаараад эдийн засагт ихээхэн нөлөөлж байгааг л харуулж байна.

Монгол Ардын нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хийж, үүгээрээ өнөөгийн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах ажиллагааг хийж эхэллээ гэх мэдээлэл яригдах болсон. Үүнийг хэр бодитой гэж харж байна вэ?
Би бол ингэж бодохгүй байна. Миний санаж байгаагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар шинээр байгуулагдсан УИХ үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагаас яригдаж байсан. Ажлын хэсэг байгуулагдаж, тодорхой үйл ажиллагаанууд ч явуулж байсан. Одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох Ерөнхийлөгчийн эрх мэдэл харьцангуй хязгаарлагдмал байдаг. Цаашид ч энэ байдлыг хадгалах ёстой гэж бодож байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл үүнээс хэтрээд эхэлбэл түрүүн дурдсан шиг улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учруулах талтай. Гэхдээ одоо байгаагаас нь дордуулж, хязгаарлаж бас болохгүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үеэс нэг зүйл ажиглагдаж эхэлсэн юу вэ гэхээр Ерөнхийлөгч маш их эрх мэдэлтэй юм шиг харагдуулж тийм ойлголтыг олон нийтэд өгч эхэлсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байдаггүй асуудлуудруу хэт оролцож эхэлсэн. Үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр их цацаад ирэхлээр Ерөнхийлөгчид ийм эрх мэдэл байдаг юм шиг ойлголтыг олон нийтэд төрүүлээд байна. Гэтэл Ерөнхийлөгчийн эрх хэмжээнд УИХ-ын болон Засгийн газрын хуралдаанд тааллаараа оролцож, байр суурь, санал бодлоо илэрхийлэх, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх зэрэг асуудлыг тусгасан байдаг. Түүнээс биш Засгийн газрын гишүүнийг өрөөндөө дуудаж авчираад загнах, үүрэг даалгавар өгөх, Төрийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох хэмжээ Ерөнхийлөгчид хуулиар олгогдоогүй байдаг. Өнөөгийн парламент болоод Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагаа түүнд оролцож байгаа хүмүүсийг харахад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр илтэд хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй өөрчлөлтийг арай ч хийхгүй байх гэж найдаж байна. УИД-д 65 суудал авчихсан нэг нам ямар ч асуудлыг өөрсдийнхөөрөө шийдэх боломжтой. Тийм учраас шийдэл нь зөв байгаасай л гэж хүсч байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад бусад хууль тогтоомжуудад ч өөрчлөлт орох байх. Гэтэл сүүлийн жилүүдэд эрх зүйн шинэчлэл нэлээд эрчимтэй хийгдсэн. Эдгээр өөрчлөлтүүдэд хэр нөлөөлөх бол?
Одоо яригдаж байгаагаар үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтүүд нь Монгол Улсын төрийн байгууллын хүрээнд илүү яригдаж байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн засаглалын хүрээнд. Нутгийн удирдлага засаг захиргааны нэгжийн эрх үүрэг түүний харилцаа гэх мэт. Харин бусад хүний эрхтэй холбоотой хэсгүүд дээр, ялангуяа Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт төдийлөн өөрчлөлт орохгүй болов уу. Учир нь энэ бүлгүүд бол өөрөө НҮБ-аас баталсан ОУ-ын хэмжээнд мөрдөгддөг хүний эрхийн баримт бичгүүдийн суурь зохицуулалтуудтай уялдаж өгсөн байдаг. Тухайлбал Хүний эрхийг түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэх мэт. Харин төрийн байгуулал, засаг захиргааны нэгж, түүний удирдлагатай холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомжуудад түлхүү өөрчлөлт орох байх. Үндсэн хуульд орсон өөрчлөлттэй холбоотой нийгмийн харилцааг зохицуулсан хуулиудад өөрчлөлт оруулах асуудал зайлшгүй яригдаж таарна.

2017 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн Эх сурвалж медиа агентлагийн цахим хуудсанд нийтлэгдсэн.
Эх сурвалж: ekhsurvalj.mn