Арбитрчдын танилцуулга

Арбитрч Б.Ганбаатар

4 дүгээр сар 09th, 2020
Social button for Joomla

ТА БҮХЭНД АРБИТРЧ Б.ГАНБААТАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Арбитрч Б.Ганбаатар нь 1990 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжлээр бакалавр, 1998 онд тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан ба 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны менежерээр төгссөн. Тэрээр

  • 1990 -1992 онд Хэнтий аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор;
  • 1992 - 1994 онд “Магнай” ББХК-д Хуулийн зөвлөх;
  • 1994 - 1999 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч;
  • 1999 оноос Өмгөөллийн “Элч” хууль зүйн товчооны Захирал;
  • 2012 - 2013 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн даргаар,
  • 2013 оны 11 дүгээр сараас одоог хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд 2008 оноос эхлэн МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байгаа эрүүгийн эрх зүй болон компанийн эрх зүй, татварын эрх зүйгээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгч юм.

Б.Ганбаатар нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байх энэ хугацаанд МҮОНРТ болон “ММ” агентлаг, ТВ-8, ТВ-9, Eagle TV, NTV, ETV, Parliament TV, C1 TV, MN-25 суваг TV, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, Монголын радио зэрэг ОНМХ-үүдэд 40 орчим удаа шууд ярилцлага, мэдээ мэдээлэл өгч, цаг үеийн асуудлаар яриа өгсөн ба дараах бүтээлүүдэд зохиогч болон хамтран зохиогчоор ажилласан байна. Үүнд:

  • 2008 онд “Процессын эрх зүй” онол, туршлага
  • 2017 онд “Өмгөөлөгч” гарын авлага /эрх зүйн баримт бичиг/
  • 2018 онд “Хөрөг найруулал”
  • 2018 онд “Гэрээ” үлгэрчилсэн загвар

Арбитрч Б.Ганбаатар нь 2018 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 90 жилийн ойд “Монголын Өмгөөлөгчдийн Байгууллагын түүхэн замнал” сэдвээр, 2019.09.06-ны өдрийн 3 дахь удаагийн Монгол-Хятадын экспо, Монгол Хятад 2 орны худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний форумд “Өмгөөллийн үйлчилгээний зах зээлийн ажиглалт болон хөгжлийн чиглэл” сэдвээр тус тус илтгэж байсан.

Энэ удаа та бүхэнд түүний 2008 онд Хүний эрхийн олон улсын өдрийг угтаж Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Хүний эрх ба хүнд суртал” сэдэвт үндэсний чуулганд илтгэсэн “Өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүнд суртал” илтгэлийг хүргэж байна.

Хүний эрхийн Олон Улсын өдрийг угтаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Хүний эрх ба хүнд суртал" сэдэвт үндэсний чуулган
Илтгэлийн сэдэв: ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНД СУРТАЛ

Өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийгмийн харилцааг зохицуулж буй бүхий л хууль тогтоомж, хуульчилсан акт шийдвэрүүд нь хүний эрхийг зөрчихгүй нийгмийн харилцааг зохицуулж чадаж байна уу, эсхүл тодорхой түвшинд хүнд суртлыг бий болгон, улмаар эрх зүйн харилцааг зохицуулж байна уу гэдэгт өмгөөлөгч болоод өмгөөллийн байгууллага шүүмжлэлтэй хандах учиртай гэж үздэг. Өмгөөллийн үйл ажиллагааны хүрээ хязгаар, хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулж буй манай нийгэмд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй үед хууль хэрэглээний явцад хүнд суртал юунаас үүсэж байгааг судлах, түүний шалтгаан нөхцөлийг тодруулах зайлшгүй шаардлага байгаа нь нийгмийн хэрэгцээ болон үйлчлүүлэгчийн хүсэл зориг байна гэж үзэхэд хилсдэхгүй юм.

Өмгөөлөгчийн ажил хэргийн онцлогийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан мэндчилгээндээ “Өмгөөлөл нь хууль зөрчигчид төдийгүй аливаа хууль бус үйлдэл, хүчирхийлэл, эрх мэдэлтнүүдийн дураараа авирлах ямарваа нэг дарамтад өртөгсдийн хувьд хуулийн бодитой өмөг түшиг, найдвар нь байдаг...” гэж дүгнэж мэндчилгээ хүргүүлсэн нь хүнд суртал гаргах аливаа үйлдэлтэй тэмцэж, хүний эрхийг тууштай хамгаалах зайлшгүй шаардлага буйг илтгэсэн хэрэг гэж үзнэ.

Хүнд суртал буюу бюрократизм нь судлаачдын үзэж байгаагаар төр үүссэн тэр цаг үеэс үүсэлтэй боловч манай улсын хувьд “Оросоор дамжин нэвтэрч, өнгөрсөн зууны хориод оноос дэлгэрэн 1990 он хүртэл үргэлжилсэн...бүр удамшсан” гэж доктор Л.Түдэв үзсэн байна. Ер нь хүнд суртал нь хувь хүн төдийгүй хуулийн этгээд зарим тохиолдолд төрийн эрх ашиг, үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлдөг гэж үзэж болно.

Илтгэгч өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад байнга тулгардаг төрийн байгууллага, албан тушаалтнууд, шүүх, хуулийн байгууллагуудын үйлдэл, эс үйлдэхүйгээс улбаатай хүнд суртлыг нуршин өгүүлэхийг зорьсонгүй. Харин түүний шалтгаан нөхцөл, уг сурвалжийг өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хөндөхийг зорилоо.

Өмгөөллийн үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх, эсвэл процессын үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс зөвхөн хууль хяналтын байгууллагын /шүүх, прокурор, цагдаа-мөрдөн байцаах байгууллага, шийдвэр гүйцэтгэх байгууллага/ хүрээнд хийгдэх ажиллагаагаар хязгаарлагдахгүй, үүнээс ч баялаг агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад хууль тогтоогчоос баталсан хууль, гүйцэтгэх засаглалын хүрээн дэх хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжлийн түвшинд анализ дүгнэлт өгөх замаар өмгөөллийн үйл ажиллагаа бүрэн төгс хэрэгждэг юм.

Иймээс илтгэлдээ өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад

  • Хууль тогтоох:
  • Гүйцэтгэх
  • Шүүх эрх мэдлийн хүрээнд хүнд суртал, хүний эрх зөрчих үзэгдлийг хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх явцтай холбон авч үзсэн болно.

1. Хууль тогтоох байгууллагаас батлан гаргаж буй хууль нь тодорхой, ойлгомжтой, энгийн байх нь түүнийг хэрэгжүүлэх явцад хүндрэл учруулдаггүй, хүнд суртал гарахыг хязгаарладаг талаар эрдэмтэн судлаачид сургасан байна. Иргэд, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явцад хууль тогтоогчоос батлан гаргаж буй хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Олон улсын гэрээний хэм хэмжээтэй зөрчилдөх явдал нэлээд гарч байна.

Тухайлбал, ЭБШ хуулийн 230-р зүйлийн 1-д зааснаар “дор дурдсан тохиолдолд хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 315-р зүйлийн 1.2-т зааснаар “тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах” гэсэн заалтууд нь олон жилийн турш шүүхийн практикт хэрэглэж иржээ. Шүүхийн шатанд хэлэлцэгдэж буй эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах гэсэн ойлголт нь МУ-ын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1-д “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна", мөн 16-р зүйлийн 14-т “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн зарчим, Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 13-р зүйл “гэм буруугүйд тооцох” зарчим, 14-р зүйл “хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим, 15-р зүйл “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах" гэсэн зарчмуудтай зөрчилдсөн хуулийн заалтыг өнөөдрийг хүртэл хэрэглэсээр ирсэн нь хууль өөрөө хүнд суртлыг бий болгож, хүний эрхийг зөрчихөд хүргэсэн гэж дүгнэж болох юм. Өөрөөр хэлбэл ЭБШХуулийн заалтын дагуу шүүх нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын байгууллагын дутуу хийсэн ажлыг гүйцээх, заавар чиглэл өгсөний дараа дахин эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж буй нь гэм буруутай эсэх асуудлыг шийдэхээс өмнө ял шийтгэл ногдуулна гэсэн дотоод итгэлээ бүрдүүлж, улмаар олон сар жил хугацаагаар байцаан шийтгэх ажиллагаа үргэлжилж байгаа нь хүнд суртлыг бий болгож, хүний эрхийг зөрчихөд хүргэж байна. Шүүхээр гэм буруугүй нь тогтоогдож цагаадсан иргэд болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хянан шалгагдаад нотлогдоогүй, эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болсон тохиолдолд ТӨР-өөс иргэддээ "таны гэм буруу нотлогдоогүй тул уучлаарай” гэж хэлсэн тохиолдол байдаг билүү?

Мөн түүнчлэн Монгол улсын гавьяат хуульч Б.Чимид гуай өөрийн бүтээлдээ “...2006 онд Үндсэн хуулийн цэц СЕХ-ны аливаа шийдвэрийг цэц хянах ёстой гэсэн хөнгөн хийсвэр, омголон дүгнэлт гаргаж, УИХ түүнийг хүлээн зөвшөөрч, улмаар /ЗХХШТХ/-иас “Сонгуулийн Ерөнхий Хороо” гэсэн заалтыг хассантай холбоотой”...гоор захиргааны олон зүйл маргааныг захиргааны шүүхийн харьяаллаас гаргаснаар хууль зүйн томоохон гажиг суужээ. “Томоохон гэдэг сүржин үг бус гүйцэтгэх эрх мэдлийн томоохон олон мянган байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих дагнасан шүүхийн хяналтыг дөнгөж төлөвшиж байхад нь үл ойлгон нураасан хэрэг бөгөөд үүний улмаас захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус ажиллагаанаас цаана нь иргэд хохирсоор байж болох тул “жижигхэн” гэх үндэсгүй билээ”1 гэж дурджээ.

Дээрх хоёр жишээнээс нэгтгэн дүгнэвэл хууль тогтоогчдоос гаргаж буй хууль нь шинжлэх ухааны үндэслэл муутай, судалгаа шинжилгээгүй, эрдэмтэн мэргэдийн санал зөвлөмжийг тусгаагүй, эрх зүйн харилцааг зохицуулж буй хуулийн заалт нь хийдэл, зөрчилдөөнтэй, Үндсэн хуулийг зөрчиж байгаа нь өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хүнд суртлыг бий болгож, улмаар хүний эрхийг зөрчихөд хүргэж байна. 1990-ээд оны үед эрүүгийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг хүрээлэн ажиллаж байсан нь хуулийг хэрэглэх үед гарч байгаа хүндрэл, гажуудлыг судлан, хуульд өөрчлөлт оруулах, хуулийг батлахдаа үндэслэл болгож байсан нь ихээхэн ач холбогдол өгч байсан гэж үзэж байна.

2. Гүйцэтгэх эрх мэдэл нь төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэд байгууллагад үйлчлэх үндсэн чиг үүрэг хэрэгжүүлдэг. Гэтэл зарим байгууллага, албан тушаалтан энэ үүргээ умартан иргэд, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчид хүнд суртал гаргаж байна. Энэ нь өмгөөлөгчид бидний өмгөөллийн үйл ажиллагаа, цаашлаад хүний эрхийн хэрэгжилтэд шууд сөргөөр нөлөөлдөг. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтнуудын хүнд суртал нь өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэхгүй байх, хариу өгөхгүй байх, ажлын байрандаа байхгүй байх, иргэдийг даргалан харьцдаг, нээлттэй байх ёстой мэдээллийг нийтэд хүргэхгүй байх зэрэг хэлбэрээр илэрч байна.
Энэ нь гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтнууд өөрсдийгөө ард иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй болохоо ухамсарлаагүйтэй холбоотой болно. Төрийн байгууллагууд дотоод журмаараа иргэд, байгууллагын өргөдөл, гомдол, саналыг хүлээн авах, үйлчлэх ажлын өдөр, цагийг богиносгон тогтоодог зохисгүй хандлага байна. Түүнчлэн төрийн байгууллагууд дотоод дүрэм журмаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн боловсруулах ажил тун дутмаг байгаа. Энэ нь хүнд сурталд автсаны илэрхийлэл болсон тухай судалгаа гарчээ.

Мөн төрийн байгууллагууд иргэдийн хэрэгцээт мэдээллийг вэб сайтдаа тавьж, тавьсан мэдээллээ байнга шинэчлэхгүй байгаа нь иргэд, хуулийн этгээдийг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, улмаар хүсэлт, өргөдөл, гомдол гаргахад хүндрэл учруулаад зогсохгүй аливаа мэдээлэл авах тухай бүр албан тушаалтны хаалга сахих үр дагаврыг бий болгож байна. Төрийн үйл ажиллагаанд Электрон засаглалыг хөгжүүлж, ил тод байдлыг нэвтрүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, улмаар хүнд суртлыг багасгах зүйтэй санаачилга3 гарч байгаа боловч дорвитой ажил хэрэг болж чадахгүй байна.

Цагдаагийн байгууллагын зарим албан хаагчдын үйл ажиллагаа нь Өмгөөлөгчийн ажил хэрэгт хүнд суртал, хүндрэл учруулдаг бөгөөд энэ нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөнддөг.

Тодруулбал, Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас эрүүгийн хэргийг шалгах явцдаа ЭБШХуульд заасны дагуу цагаатгах болон яллах талын нотлох баримтыг тэгш байдлаар цуглуулах үүрэгтэй байтал зөвхөн яллах талын нотлох баримтыг давамгайлан цуглуулснаас шүүхийн шатанд яллах талыг баримтлан мөрдөн байцаалт явуулсан гэдэг гомдлыг өмгөөлөгчдөөс байнга гаргадаг нь Мөрдөн байцаагч, түүнд хяналт тавьж байгаа прокурорын үйл ажиллагаатай шууд холбоотой.

Гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэх ёстой атал мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагч нь сэжигтэн, яллагдагчид гэм буруутай нь нотлогдсон мэтээр хандаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа явдал нь өмгөөлөгч, мөрдөн байцаагчийн хооронд зохисгүй харилцаа үүсэх үндэс болж байна.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн ажлын зохион байгуулалт, ажил хэргийн соёлоос шалтгаалан гэрчүүдийг удаан хугацаагаар хүлээлгэх, чирэгдүүлэх, цаашилбал сүрдүүлэх, хуулийн хугацаанд эрүүгийн хэргийг шалгалгүй удаах зэрэг үйлдлүүд нь өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл учруулдаг юм.

3. Шүүх нь хүний эрхийг хамгаалах гол баталгаа, хүнд сурталгүй байгууллага байх учиртай. Энэ талаар доктор Ж.Бямбаа шүүх нь “...үл бүтэх этгээдүүдийн очдог газар биш, үнэн шударгыг эрхэмлэн хүндэтгэдэг хүн бүхний өөрөө хүсэж ирдэг ариун үнэний хүрээлэн, ардчилсан эрх зүйт төрийн нэгэн гол цөм гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс ч тэр шинжээрээ хууль, ардчилал, шударга ёс, хүний эрхийн найдвартай хамгаалалт - өмөг түшиг нь шүүх болох учиртай гэж хэлэх бүрэн үндэслэл бий” хэмээн тэмдэглэсэн байна.

Гэтэл бид бодит байдал дээр шүүн таслах ажиллагааны явцад хүнд суртал гарч, хүний эрх зөрчигдөж байгаа талаар ярьсаар байна. Аливаа эрүү, иргэний маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хугацаанд шийдвэрлэдэггүй шүүхийн байгууллагын ажилтан албан хаагчдаас иргэдтэй ёс зүйгүй харьцдаг, удаан хугацаагаар хүлээлгэн чирэгдүүлдэг, хэрэг маргааныг буруу шийдвэрлэснээс шүүхийн олон шатыг дамжин цаг хугацаа алддаг зэрэг олон шалтгааныг бид ярьдаг боловч өнөөдрийг хүртэл иргэд байгууллагын зүгээс гарч байгаа гомдол тасрахгүй байгаагийн шалтгаан нөхцөлийг тодруулахыг хичээлээ. Үүний нэг нь шүүхийн ажлын ачаалал мөн. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш захиргааны дагнасан шүүх байгуулагдаж, шүүхийн орон тоо нэмэгдсэн боловч шүүхийн ачаалал буурахгүй, харин өсөн нэмэгдэж байна. УДШ-ийн 2008 оны эхний 9 сарын шүүн таслах ажлын нэгдсэн дүнгээс авч үзвэл анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 113 хэрэг ногдож байна. /Илтгэлийн хавсралт 1-ээс үзнэ үү/

Тус судалгаанаас харахад нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал өндөр байгаа нь шүүх маргааныг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжгүй болох нөхцөл байдлыг үүсгэх бөгөөд үүнээс болж иргэд, хуулийн этгээдээс чирэгдүүлсэн, хүнд суртал гаргасан гэсэн гомдол тасрахгүй байх бөгөөд энэ нөхцөл байдал нь өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад хүндрэл учруулах бодитой хүчин зүйл болох нь ойлгомжтой. Нэг шүүгч тухайн жилдээ хэд хоног ажиллаж байна вэ гэдгийг судлан үзлээ. Жилийн 360 хоног, үүнээс долоо хоног бүрийн амралтын өдрүүд буюу 96 хоног, баяр ёслолын амралтын өдрүүд буюу 10 хоног, ээлжийн амралтын хугацаа 24-60 хоног байдаг зэргийг тооцон үзвэл тухайн шүүгч өвчилж, чөлөө авалгүйгээр жилдээ ойролцоогоор 194 хоног ажиллах бөгөөд, нэг шүүгч өдөрт нэг хэргийг шийдвэрлэхээр байна гэсэн судалгаа гарч байна. Ийм ажлын зохион байгуулалт, ачаалал байгаа нөхцөлд иргэдийн гомдол тасрахгүй, хүнд суртал гаргаж байна гэж үзэхээс ч аргагүй нөхцөл байдлыг бий болгож байна. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүний эрхийг хязгаарлаж байгаа аливаа тохиолдолд шүүх засаглал үйлчилж байна гэж үзэж болно.

Харин зах зээлийн өнөөгийн нийгэмд иргэд байгууллагын зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа шүүхийн ажиллагаа нь шүүх засаглал гэхээс илүү маргаан гаргаж буй этгээдүүдийн маргааныг шийдвэрлэх, үйлчилгээний шинж чанарыг агуулж байна гэж үзэж болно. Тухайлбал, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд иргэн хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Улсын тэмдэгтийн хураамж төлж байгаа нь зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэхийн тулд төлбөр төлж байгаа үйлдэл мөн. Энэ үүднээс нь авч үзвэл иргэд байгууллагуудад үйлчилгээ үзүүлж байна гэсэн сэтгэхүй шүүгч болон шүүхийн байгууллагын ажилтнуудад огт байхгүй байна гэж хэлж болно. Уг үүргээ ухамсарлаагүйн улмаас ялангуяа захиргаа, иргэний маргаанд шүүх засаглалыг хэрэгжүүлж байгаа мэтээр хандах хандлага давамгайлж байгаа нь шүүхийн ажиллагаанд илтэд мэдрэгддэг юм.

Зах зээлийн нийгэмд эрх зүйн харилцаа улам боловсронгуй болж, олон хууль шинээр батлагдан гарч, мөн нэмэлт өөрчлөлт орж байгаа нь зүй ёсны юм. Энэхүү олон тоогоор батлагдан гарч байгаа хуулийг хэрэглэх нэгдсэн ойлголт, аргачлал буюу хууль хэрэглээний явцад тогтвортой нэгдсэн нэг ойлголтыг бий болгохгүй байгаа нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад илэрч, удаан хугацаагаар үргэлжлэн, олон шатны шүүхээр дамжин, улмаар маргаанаа шийдвэрлүүлж буй хувь хүн болон хуулийн этгээдэд шүүх хүнд суртал гаргаж байна гэсэн ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлдэг. Тухайлбал, ХЗҮТ-өөс явуулсан судалгаагаар Татварын хуульд 80 удаа нэмэлт, өөрчлөлт орсон дүн гарч байгаа нь үүнийг нотлож буй нэг жишээ юм. Ийм учраас Улсын Дээд Шүүх Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу шинээр батлагдан мөрдөгдөж буй хуулийг цаг хугацаа алдалгүйгээр тайлбарлах, үүнийгээ мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд шуурхай хүргэснээр эрх зүйн харилцааг зохицуулж байгаа хуулийг хэрэглэхээс өмнө тодорхой ойлгоцыг бий болгох бөгөөд энэ нь өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн өмгөөлөгч бид өөрсдийн үйл ажиллагаандаа хүнд суртал байгаа эсэх талаар судлан үзэх ёстой. УДШ-ээс явуулсан судалгааны дүнгээс үндэслэл болговол5 2006, 2007 онуудад 240 гаруй шүүх хуралдаан буюу нийт шүүх хуралдааны 10,43%-д өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд үүний улмаас шүүх хуралдаан хойшилсон байна. Үүнд бид шүүмжлэлтэй хандаж, өмгөөлөгчдийн ажлын хариуцлагыг улам сайжруулах нь зайлшгүй шаардлагатай болохыг ухамсарлан ойлгож байна.

Мөн дурдах ёстой нэг зүйл бол Монгол улсын Өмгөөллийн тухай хууль, бусад хуульд өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх баталгааг хуульчилсан боловч өмгөөлөгчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулсны төлөө хүлээлгэх хариуцлагыг хуульчлаагүй орхигдуулсан явдал юм.

Өмгөөлөгчийн бүрэн эрхийг хуулиар хэрхэн бататган бэхжүүлж, энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэх баталгааг хэрхэн зохицуулснаас өмгөөлүүлж байгаа хувь хүн болон хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд шууд хамааралтай нөхцөл байдал бий болно. Мөн өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарч болох хүнд суртал болон хууль бус үйлдлийг таслан зогсооход ихээхэн ач холбогдолтой болох юм. Сүүлийн үед өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад тухайн өмгөөлөгчийг өмгөөллийн ажиллагаатай нь холбогдуулан янз бүрийн хэлбэрээр дарамтлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэх, эрх чөлөөнд нь халдах, шүүхээр нотлогдоогүй хэрэг маргааны талаар нийтэд мэдээлэл хийж буруу ойлголт, төсөөлөл бий болгож байгаа нь өмгөөллийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй хэлбэрүүд мөн. Аливаа эрх зүйн харилцаанд хувь хүн, хуулийн этгээд оролцохдоо тэрхүү харилцаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг судлахаасаа илүү энэ талаар мэргэшсэн хуульч буюу өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч ажиллах нь цаг хугацаа хэмнэх, үр дүнтэй гэж үзэх болжээ. Энэ чанараараа өмгөөллийн үйл ажиллагаа бол нийгмийн шударга ёс, хүний эрхийн баталгаа болохоос гадна хүнд суртлыг хязгаарлах хөшүүрэг гэж үзэх үндэслэлтэй юм.

Энэхүү илтгэлийг бичихэд өөрийн санаа бодлоо илэрхийлж, зөвлөж байсан өмгөөлөгчид болон судалгааны материал өгсөн байгууллагуудад баярласнаа илэрхийлье.

Жич: Судалгаанаас үзвэл УДШ-ийн нэг шүүгчид дунджаар иргэний хэрэг 88, эрүүгийн хэрэг 69, захиргааны 60 хэрэг ногдож байна.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

  1. Б.Чимэд. Сонгуульд суралцахуй /тогтолцоо, үйл явц, эрх зүй/. УБ. 2008., 280 дахь тал
  2. Авилгатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум, “Глоб интернэшнл" ТББ. Төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдал /мониторингийн тайлан/, УБ.2008., 55 дахь тал.
  3. Ц.Мөнх-Оргил: Мэдээллийн технологийн салбарт эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна. http://www.forum.mn
  4. Ж.Бямбаа. Мөрдөн мөшгөх, шүүн таслах ажиллагаан дахь өмгөөллийн зарим асуудал. “Өмгөөлөгч” сэтгүүл. 2008 оны №04 /20/
  5. 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн УДШ-ээс зохион байгуулсан “Өмгөөлөгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт уулзалт ярилцлагын материал.

УДШ-ийн Судалгааны төвөөс авсан
/2008 оны 9-р сарын/ нэгдсэн дүн

 

Шийдвэрлэсэн хэрэг

1.

Эрүүгийн хэргийн танхим

345

2. Иргэний хэргийн танхим 442
3. Захиргааны хэргийн танхим 124
4. Захиргааны давж заалдах шат 239

Нийт

1150

/Давж заалдах шат – 101 шүүгч/

Хэргийн төрөл

Шийдвэрлэсэн хэрэг

1.

Эрүүгийн хэрэг

1537
2. Иргэний хэрэг 1102

Нийт

2639
  • Нэг шүүгчид дунджаар - 26 хэрэг ногдож байна.
  • Анхан шатны шүүх - 254 шүүгч
  • Захиргааны анхан шат - 56 шүүгч
  • Нийт - 310 шүүгч
  • Шийдвэрлэсэн хэрэг - 35246
  • Нэг шүүгчид дунджаар 113 хэрэг ногдож байна.